Wednesday, February 12, 2014

"Уншигчийн захидал" бичиж бүтээл хийцгээе.

- 4 дэх дугаараар уншсан номныхоо зохиогчид уншигчийн захидал бичиж бүтээл хийлээ.



Ахлах 3-р сургуулийн 7б ангийн сурагч Т.Уянга

“Анне Франкийн өдрийн тэмдэглэл” зохиолыг уншаад бичсэн уншигчийн захидал

Сайн байна уу?

            XX зууны гэрэлт од, хүн төрөлхтний түүхэн дэх гашуун сургамжийн гэрч Анне чамтай  хөгжил дэвшил, техникийн ололт амжилтын эрин үе болох XXI  зуунаас  нэгэн охин мэндчилж байна.

            Дээврийн хонгилд төрсөн чиний энэхүү тэмдэглэл аймшигт дайн хүүхдэд яаж нөлөөлснийг хожмын үеийнхэнд  гэрчилнэ гэдгийг хэн ч тэр үед таагаагүй биз ээ. Хэрвээ чи хорих лагерьт амь насаа алдаагүй бол зуун зууны туршид  дуурсагдах гайхамшигт бүтээлүүдийг туурвих байсан биз ээ. Чиний минь алдартай зохиолч болохыг хүссэн тэр мөрөөдлийг хаасан аймшигт дайн дахин бүү гараасай.

            Чи хорвоо ертөнцөд 15хан жил амьдарсан ч гэсэн зуунаас зуунд хүмүүсийн зүрх сэтгэлд амьдрах гайхамшигтай зүйлийг бүтээж чадсан шүү дээ. Эндээс би хүний амьдрал уртаараа биш, гүн гүнзгийгээрээ хэмжигддэг гэдэг үгийн утгыг ойлгосон. Өдөр бүхэн бөмбөгдөлт, буун дуу тачигнаж, хүйтэн өлсгөлөн гээд бидний үеийнхний төсөөлж ч үзээгүй бэрхшээлийн дунд чи минь бичсээр л байжээ. Эндээс гайхамшигтай хүсэл мөрөөдөл юунд ч сөхөрдөггүйг чи надад ойлгуулсан.

            Анне чиний энэхүү номыг уншсан дэлхийн бүх хүмүүс надтай сэтгэгдлээ хуваалцана гэдэгт итгэлтэй байна.



Уншигчийн захидал
Ардын уран зохиолч С.Эрдэнийн ач охин Б.Хуланд
Сайн байна уу? Танд энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би таны өвөөгийн бичсэн “Хойт насандаа учирна” гэх гайхамшигт романыг олж уншлаа.
Энэхүү бүтээлийг уншиж байхдаа Цэвэлмаа басганы хувь тавилангийн ээдрээ, Яндаг төлөөлөгчийн сэтгэлийн гүнд нуугдан, түмэн ардыг гасланд унагаж буй атаа хорслын гал хэзээ унтарч төгсөхийг хүлээсээр... “Ёстой л хойт насандаа учрах байх даа” гэж бодлоо.
                Эцэст нь энэ хосгүй бүтээлийг уншигч бидний мэлмийд толилуулж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр өвөөгийнхөө бүтээлийг цувралаар хэвлүүлж буйд  тань талархал илэрхийлэхийн сацуу ийм агуу зохиолчийн ач охин болон мэндэлсэнд тань баяр хүргэх гэсэн юм.
                Цаашдаа өвөөгийнхөө бичсэн олон сайхан бүтээлийг уншигч олондоо хүргэж байгаарай. Таны ажилд амжилт хүсье.

                                                 Хүндэтгэсэн: Уншигч Г.Нарангэрэл
 


3 comments: