Sunday, February 2, 2014

Арга зүй



Хэлц үг нь үнэлэмж, жишиг хэмжүүртэй холбогдох тухай
Хэлц үг нь тухайн хэлний оновчтой, товч, тодорхой  бөгөөд уран яруу дүрслэлийн дээд илэрхийлэл болдог.
Иймээс, хэлц үгийг хэл яриандаа хэрэглэх нь санаагаа оновчтой, урнаар илэрхийлэхэд чухал ач холбогдолтой.
Хэлц үгийг  хэрхэн, яаж урнаар  сэтгэж зохиосныг нь тайлж мэдэх нь цаашид эх хэлээрээ урнаар сэтгэж, ярьж, зохион бичиж сурахад ихээхэн нөлөөтэй мэт санагдана.
Хэлэнд хэлц үг үүсэх олон нөхцөл, шалтгаан бий. Үүний нэг нь ард түмний үнэлэмж, жишиг хэмжүүр юм.
Хэлц үг нь тухайн ард түмнийхээ амьдралын өвөрмөц онцлог, ёс заншил, түүх соёл, сэтгэлгээг тусгасан байхаас гадна, тухайн ард түмний юуг сайн, юуг муухай гэж үнэлж, юугаар сайн муу, сайхан муухайгийн жишиг хэмжүүр хийдэг нь хэлц үгийн утгаас тодорхой харагддаг.
Тиймээс, хэлц үгийг хэрэглэхдээ ард түмэн юуг хэрхэн үнэлж дүгнэж, түүний тухай хэрхэн эргэцүүлэн бодож, сэтгэж тунгаан байж, юуны тухай, ямар зорилгоор  энэ хэлцийг зохиосон бэ гэдгийг хамгаас түрүүн ухаарч мэдэх нь чухал юм.
   Ард түмний үнэлэмж нь хоёр зүйлийг хооронд нь харьцуулж, жишиж, адилтгаж, зүйрлэсний үндсэн дээр буй болдог. Иймээс, уран дүрслэлийн адилтгал, зүйрлэлийн аргаар өөрийн үнэлэмж дээрээ суурилсан хэлц үгийг бүтээдэг байна.
Хэлц үгийн утга, түүгээр илэрсэн үнэлэмж, харьцуулалт, оюун дүгнэлт, сургамж нь суралцагсдын сэтгэлгээ, хүмүүжил, төлөвшил, хандлагад асар их сайн нөлөөтэйг анхаарах хэрэгтэй байна.
Тогтвортой хэллэгт үндэсний сэтгэлгээ , үнэлэмж илрэх нь                           \ адилтгал зүйрлэл бүтэх нь\
            Монгол хэлний тогтвортой нэгж  болох хэлц нь хамгийн  уран сайхан дүрслэл ба сэтгэлгээний гайхамшгаар бүтсэн байдаг.  Тухайн үндэстний хэлний хамгийн амттай, дүрслэг сайтай охь дээж  юм.
Аливаа хэлний хэлц нэгж нь:
1. Нутаг орон, байгаль цаг уур,
2. Эрхэлж ирсэн аж ахуй,
3. Аж төрөх ёс, зан заншил
4. Түүх, соёл
5. Сэтгэлгээ
6. Үнэлэмж , хандлагын өвөрмөц онцлогийг хадгалсан байдаг.
Хэлц нэгж нь:
            - Утга, уран дүрслэлээс гадна
            -  Өгүүлэгчийн үнэлэмж,
            -Хандлагыг  \баймжийг\
давхар илэрхийлдэг.


          Монгол хэлэнд “ Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр “  гэсэн хэлц бий.
Монголчуудын хувьд:

Өөх  - элбэг дэлбэгийн хэмжүүр. Буян хишиг, нүнжгийн бэлгэшээл
Өөхтэй махаар дайлах -  шим тэжээлтэй хүнсээр дайлах, элбэг баяны илэрхийлэл юм.

Япон хэлэнд “ Ургах тусмаа толгойгоо гудайлгах нь тариан түрүү юм”  гэсэн хэлц бий.
Япончуудын хувьд:

Тариа буудай нь  Өсөж боловсрохын бэлгэдэл болдог аж.Дээрх хэлцээр япончууд  “Өсөж  боловсрох тусмаа улам даруу байж, бусдыг хүндэтгэнэ” гэсэн утга санаа илэрхийлдэг  бөгөөд энэ нь япон улс үндэстний өөрийн сэтгэлгээний онцлог  хэлээр илэрч буй хэрэг юм.  
         Нэг юм үзэгдэл, шинж чанар, хэрэг явдал , нөхцөл байдлыг өөр өөр соёлт үндэстнүүд ижилдүү маягаар хэлэндээ нэрлэн тэмдэглэсэн байдгаас гадна , тус бүр өвөрмөц маягаар үнэлсэн байх нь бий.
Морь  \адуу\

Монголчууд: Хийморлог, ухаантай амьтан гэж үнэлдэг, бэлгэшээдэг бол
Япон : Ухаан муутай , хашин залхуу , тэнэг амьтан гэж үздэг ажээ.Учир нь япончууд морийг маш сайн тэжээж таргуулж байж, дараа нь газар тариалангийн ажилдаа зүтгүүлдэг байсан тул морьд маш хашин залхуу болдгоос дээрх үнэлэмж  хэллэг үүсчээ.
Чоно
Монгол сэтгэлгээнд чоно бол,
Хийморлог, хүчтэй амьтан
Өөрөөр хэлбэл,
Ижил тэнгэртэйд нь харагдаж , илүү тэнгэртэйд нь алагддаг амьтан.
Аян замд явж байхад чоно таарвал олз омогтой явна хэмээн бэлгэшээх
Үлгэр домогтоо өөрсдийгөө чононоос гаралтай болохоо өгүүлдэг.
Бас,
       Муу санаатай буюу хашир,  хар сэжиг ихтэй амьтан гэж үнэлэгддэг.
Араатан чонын араа бөх, албат хүний амь бөх
Чоныг соёогоор нь таних, шонхорыг савраар нь таних
Хотны ноход хоорондоо хэмхэлдвэл чонын идэш болох
Чоно өтлөвч ишгэндээ , цорж өтлөвч балиндаа зөв
Эр хүн зорьсондоо чоно зуусандаа
Хонь чоно болох гэх зэргээр эерэг болон сөрөг үнэлэмж, хандлагыг илэрхийлсэн  байна
Үнэлэмж :
       Аливаа юмс , үзэгдлийн зөв, бурууг ялган таньсны үр дүнд сайн –муу, сайхан муухай гэсэн таатай ба таагүй үзэл бодлоор  хандан үнэлэхийг хэлнэ.
       Эталон – жишиг хэмжүүр
       Үнэлэмж нь эталон буюу дүрийг бий болгодог. Өөрөөр хэлбэл тухайн зүйл өөрт буй онцгой чанараараа жишиг хэмжүүр – дүр бүтээдэг.
Жишээ нь :


       Туулай : аймхай , зориггүй
       Могой : хортой
       Чоно : ухаантай, хийморлог, хашир
       Илжиг : тэнэг
       Хонь : номхон
       Үнэг : зальтай


         Алив юмс олон талтай, янз бүрийн шинж чанартай байх бөгөөд аль талаас нь үзэж байгаагаас хамаарч эерэг , сөрөг үнэлэмж бий болдог.
       “Нарийн хүн” -----Энэ хэлцэд эерэг, сөрөг ямар ямар үнэлэмж байна вэ?
       Манай нутгийн тарган Доной мөн ч нарийн хүн шүү.
       Энэ эд хэрэглэлүүд монгол дархны нарийн ухаанаар, мөн ч нарийн хийцтэй урлагджээ.
Үнэлэмж бол тухайн зүйлийн онцгой, гоц , содон шинжид тулгуурлана.
       Аль ч хэлэнд тухайн юмны хүнд гоц мэдрэгдэх нэг шинжийг нь уг юмны төлөөлөл, дохио, ялгах тэмдэг болгон авч, тухайн юм, хүн хоёрын онцгой шинжийг харьцуулан жишингээ тогтвортой хэлцүүдийг үүсгэдэг байна.
       Ухна эс үзэгдэвч заар нь ханхална-----заар үнэр
       Уршигт эс үзэгдэвч зар ньхангинана----цуу зар
Өөрөөр хэлбэл, ухнаас мэдрэгдэх гоц шинж нь заар бол уршигт хүнээс мэдрэгдэх гоц шинж нь зар цуу аж.
Ингээд “ Ухна” –ыг өгүүлэмжийн гол эзэн болгосныг анзааралгүй өнгөрч болохгүй. Ухна бол бог малын нэг төрөл болох ямааны эцэг малын нэр, харин нөгөө төрөл болох хонины эцэг малыг  хуц гэдэг. Ухны оронд хуцыг орлуулан хэлэх боломж яагаад байхгүй байна вэ? Үүний тулд ухнын талаарх мэдлэгийн агуулгыг илэрхийлж чадахуйц тогтвортой хэллэгүүдийн утгыг нягтлах шаардлагатай.
Ухаанд нь ухна үхсэн – тэнэгийн эталон \жишиг хэмжүүр\
Ухна ишигний зовлон мэдэхгүй- тэнэгийн эталон\ жишиг хэмжүүр\
Ухна шиг бавтнах гэвэл хэрэгцээгүй олон үгээр хүнийг залхаах , бас л мулгуу тэнэг үйлийн эталан\жишиг хэмжүүр\
Ухандах гэвэл мөн л тэнэг мулгуу хэрэг явдлын илэрхийлэл болж байна. Эдгээр хэллэгт орсон ухны оронд хуцын байр байхгүй байна. Тэгвэл ухныг үнэлэх үнэлэмжийг авч үзвэл,

Ямааны үнэлэмж
       Ямаа бол хүйтэн хошуутай- хонь бол халуун хошуутай
       Ямааны мах сэрүүн чанартай , дандаа идвэл хууч хөдөлгөдөг
       Ямаа бол хонийг бодвол хүйтэнд даараг бээрэг, тэвчээр муутай
       Ямаа хураалттай ачаа бараан дээр гарч үсэрч тонгочин сандаачиж сүйтгэдэг гэсэн муу буюу дутагдалтай талаараа сөрөг үнэлэмжтэй байна
        Хонины үнэлэмж
       Хонь бол халуун хошуутай амьтан – сайн
       Хонины шөл хий дардаг ,ядарсан хүнийг тэнхрүүлдэг- ашигтай тустай
       Хонь – номхон сайн гэсэн эерэг үнэлэмжтэй байгаа тул ухны байрт хуц тохирохгүй нь харагдаж байна.
Тэгвэл одоо ямаа оролцсон зүйрлэсэн хэллэгийн жишээнээс утгыг ажиглавал,
        Ямааны мах ямбанд орохгүй ----үнэ хүндгүй
       Янтгар хатан зарга шүүхгүй
       Ядсан  хүнд ямаа мал-----чадуу хүний маллах мал биш, ядмаг хүний хийх ажил
       Байхад тэмээ өсгө
       Ядахад ямаа өсгө
       Ямааны айраг лонхондоо исгэлэн--- хүч муутай, сул
       Ямаанаас хамуу салдаггүй---- муухай
       Янагаас нүд салдаггүй
       Ямааны гүзээ үлээхэд хагардаг- --- чанар муутай
       Өттэй ямаа шиг---- тогтворгүй ---муу
       Ухаанд нь ухна үхсэн----тэнэгийн эталон
       Ухна ишигний зовлон мэдэхгүй- тэнэгийн эталон
       Ухна шиг залхаах – хэрэггүй олон үгээр залхаах мулгуй тэнэг – эталон
       Ухандах – тэнэгийн эталон болж байна.
Энд илэрч байгаа шинжүүд бүгд сөрөг үнэлэмжид хамаарч байна. Гэтэл ,
  • Тэмээ гэхээр ямаа гэх
       Тэмээ ямаа хоёр – тэс ондоо
       Тэмээ туйлаад тэнгэр эвдэхгүй
       Ямаа туйлаад янгиа эвдэхгүй ---их бага\ том жижиг\-ээр нь эсрэгцүүлжээ.
       Ямаа – бага, жижгийн үнэлэмж
       Тэмээ – томын үнэлэмж
Хэрэв монголоос өөр соёл хэлт үндэстэн угсаатан ,хамт олны ямааны тухай мэдлэгийн агуулгын шинж ,багтаамж хүрээ нь зарим талаараа ижил, зарим нэг талаараа төстэй, зарим талаараа тэс өөр ч байж болох юм. Тэгвэл ижил юм уу төстэй байдал нь уг юм үзэгдлийн тухай тэдгээр хэл соёлтны сэтгэлгээний хэв маягийн нийтлэг буюу зэрэгцэл шинжийн баримт болох бөгөөд харин тэс өөр юм уу ялгаатай тал нь сэтгэлгээний хэв маягийн өвөрмөц онцлогийг тодорхойлох хүчин зүйл болно гэж үзэх ёстой.
Монголчуудын  сэтгэлгээнд ийнхүү төлөвшсөн мэдлэг буюу ухаан нь монгол хэлэнд түүний илэрхийлэл болсон олон арван тогтвортой хэллэг үүсэх үндэс болсон байдаг.
       Хүн аливаа зүйлийг үнэлэх буюу түүнд  хандахдаа  түүний ямар нэгэн онцлог, гол шинжийг нь бусад адил төсөөтэй зүйлтэй  нь  харьцуулж,  жишиж, , зэрэгцүүлж, адил төсөөтэй шинжээр нь нэрлэх нь элбэг байдаг.
       Ямаан омог – ямааны түргэн цочмог зантай хүний түргэн уур омгийг харьцуулж жишиж, адилтгасан.
       Үхэр чулуу  - том гэдэг үнэлэмжид тулгуурласан.
       Монголчуудын сэтгэлгээнд ийнхүү төлөвшсөн мэдлэг , ухаан, үнэлэмж , жишиг хэмжүүр нь  монгол хэлэнд  олон зуун тогтвортой хэллэг үүсэх үндэс болдог.
       Юмсыг хооронд харьцуулж, адил төстэй зүйлээр нь нэрлэхдээ:
       Хэлбэр дүрс, хэмжээгээр нь адилтгах – майхан уул, үхэр чулуу, хонин гүрвэл, тэмээн хяруул
       Чанар, үнэ цэнээр нь адилтгах – алтан дэлхий, алтан амь, мөнгөн хурим,
       Өнгөөр нь адилтгах – мөнгөн сар, танан гэр,
       Үүргээр нь адилтгах – төрийн жолоо, амьдралын босго,
Дүгнэлт.
            Хэлц үг нь ард түмний үнэлэмж, эрхэлдэг аж ахуй, сэтгэлгээний онцлог зэрэгт тулгуурлан, аливаа юмсыг харьцуулж, жишиж, адилтгаж, зүйрлэсний үндсэн дээр үүсдэг онцлогтой ажээ.
            Үүнийг ухаж мэдвээс, уг хэлцийг оновчтой хэрэглэж сурахаас гадна шинэ хэлцүүдийг зохиож сурах боломжтой.



Боловсруулсан:Увс Эрдэм ахлах сургуулийн монгол хэл, монгол бичиг, уран зохиолын багш М.Өлзийдэлгэр


0 comments:

Post a Comment