Wednesday, February 12, 2014

Багшийн бүтээл "Бичил эх"



“Ялгуун шивнээ” бичил эхийн түүвэр 

Зүүнговь ахлах сургуулийн багш Б.Баяртогтох

Шунал
Наран ургана. Өглөө бүр наран ургах зүгт орших мөнхийн ундаргат булаг уруу   алхална. Ангасан оюуныхаа цангааг тайлаад нар дагасаар гэртээ ирнэ.
Нар жаргана. Саран тэнгэрт хөөрнө. Умдаалсан усныхаа эрдэс шимийг ой тойндоо бясалгана. Хүүгийн оюун ухаан ихэд умдаасна.
Наран мандана. Хүүгийн шунал улам хөдөлж том торх зэхээд наран зүг алхална.

 Эхийн сэтгэл
Гэгэлзэн санахад ижий минь
Гэрээ тойрон цацлаа өргөж яваа нь харагдана.
Говийн цэнхэр зэрэглээн дунд сүүмэлзэх
Гэгээн цэнхэр тогоруу шиг алхалж яваа нь үзэгдэнэ.
Гурвантаа гэрээ тойрон ижий минь 
Говийн тэнгэрт сүүгээ өргөнө.                                                                                  
Гүрэм тарнийн зүрх уншиж
Гэнэнхэн намайгаа даатган залбирна.
Нөхөр
“Хүлгийн сайныг унан байж мэднэ.Хүний сайныг ханилан байж танина” хэмээсэн ухаант ардынхаа цэцэн үгийг уншаад надад гүн ухаан дахь “харьцаа”-ны тухай бодол төрсөнч сониучхан хүсэл минь хөтөлсөөр “Миний сайн найз бас хүлэг аль бэ?” гэсэн бодолд автлаа.
Надад хар бага наснаас эхлэн өдийг хүртэл үерхэн нөхөрлөсөн сайн найзууд олоон. Бас сэвлэгийг минь үргээхэд нагац ах маань бугуйл сунган барьж өгсөн  хулагч гүүнээс төрсөн хурдан хүлгээс авахуулаад сайн аргамаг ч бий.
Гэвч ганцаардахад түшиг, ядрахад дэм, өлсөхөд хоол, өмсөхөд хувцас,  гунихад хань, тэвдэхэд мөнгө, цэнгэхэд дарс,...болох хамгийн сайн анд нөхөр минь ном юм.
Ном амьдралын их харгуйд зорьсон газар минь өртөөлөн хүргэх сайн хүлэг, хэзээ ч үл урвах анд нөхөр минь ажээ. 
Домог надад шивнэх нь
Эрт урьдын цагт гэнэ. Энэ манай хошуунд арван баядын түмнийг захирдаг эрэлхэг нэгэн баатар хөвгүүн аж төрөн суудаг байж гэнэ. Тэрбээр цэргийн эрдэмд хосгүй боловсронгуйн зэрэгцээ мөрийтэй тоглоомд гаргууд ажээ.
Тэр эрэлхэг хөвгүүн  зуны нэгэн сайхан өдөр зэргэлдээ илжгэн хошууны нэгэн ноёнтой агт сайн морьдоороо андгай талбин даалуу хэмээх даанч бэрх тоглоомыг тоглож гэнэ.  Даалуу наадгайн аржгар арвыг татан одтойхон  эхэлж эн тэнцүү тоглосон боловч хожил нэгэн тал хойно арга мухардаж анх удаагаа андгай тангаргаа алдаж гэнэ.
Мөрийтэй тоглоом сайн тоглодогтоо эрдэж аргамаг сайн морьдоороо андгай өргөн тоглосондоо харамсаж “Ам алдвал барьж болдоггүй агт алдвал барьж болдог” гэсэн өвгөдийн захиасыг эш татан илжгэн хошууны ноёнд адуу малаа туулган явуулав гэнэ ээ.
Энэ үйлдлээсээ сургамж авсан баатар хөвгүүн
“Өчүүхэн эрдэмээ ихэд бодож
Өвгөд дээдсийнхээ өв хөрөнгийг алдлаа.
Өвөр нутгаас гарвалтай энэ тоглоомд
Өвч бүгдээрээ автах учиргүй.
                                    Энэ цаг үеэс эхлэн баяд хүмүүн даалуу бүү тоглогтун!” хэмээн зарлиг буулгажээ.
 Ингээд баядууд даалуу тоглохоо больж, аржгар арвыг ад дагуулдаг хэмээн үздэг болжээ.
Дөрвөн цаг
Яргуй нүдэлнэ. Цэн тогоруу цээлхнээр дурлал зуун ниснэ. Янагийн сэтгэл уярна.  
Хөхөө донгодно. Хөмүүл таана шөнөдөө бугуйл бүрхэнэ. Хүлэг морьд үүрсэнэ.
Навчис бүжнэ. Салхины зөөлөн сэвшээ бодолд түрлэг нэмнэ. Хүмүүний сэтгэл уйтай.
Цас лавсана. Хөрзөнгийн хөх утаа тэнгэрт цойлно. Хөгшид домог хуучилна.
Говьдоо би хайртай
Би гачил цоролзсон элсэн манхдаар хөл нүцгэн гүйж халууны туйлыг мэдэрч, хүрэн хүрэн толгодыг бүрхэн ургасан хээ өвсний чимээнээс газрын шивнээг сонсож, будан хүдэн хөшилдөх их жинд хацраа хайруулж хүйтний эрчийг дааж өссөн говийн хүмүүн.
 Халуун хүйтний туйл болж хатуу ширүүн нь дэндсэн юм шиг атлаа говь нутаг хайлган цагаан ээжийн сэтгэлтэй хэвлий. Алсад суугаа хүүгийнхээ сэтгэлд уяатай газрын диваажин.
Ган халуун болсон ч борог өвс нь сөлтэй, цас шуурч нүдгүй боронго эргэсэн ч толгод нь нөмөртэйхэн байдаг зүрхний шүтээн- Зүүнговьдоо би хайртай.
Навч
Хавар. Навч нахиална. Би гайхна. Зун. Навч дэлбээлнэ. Би баярлана. Намар. Навч хагдарна.  Би гунина. Өвөл. Навч үл үзэгдэнэ. Би бодлогоширно.
Хагдарсан навч хожмын мэндлэх нахианд амьдралаа зориулж чимээгүйхэн шингэжээ. Харин би юу бүтээв?...

Захиас
Аав нь: -Миний хүү сайн хүн болоорой!
Хүү нь: -Аав аа яаж сайн хүн болох вэ?
Аав нь: -Үр минь эрдэм ном сайн сурвал.
Хүү нь:  -Эрдэмтэй ч гэсэн муу хүн байдаг шүү дээ.
Аав нь: -Өө тэгвэл тусч энэрэнгүй хүн байхгүй юу.
Хүү нь: -Энэрэнгүй тусч гэлээ ч хөлс нэхдэг хүн үзсээн би.
Аав нь: -За юутай ч сайн хүн болоорой үр минь!
Хүү нь: -Би муу зүйл хийлгүй байвал таны захиасыг биелүүлэх болов уу? Аав аа !


Нутгийн чулуу
Өглөө босоход улиасны навчнаас шүүдрийн мөнгөн дусал бөнжигнөөд л... наран хэвийхэд сэрүүн салхи сэвээд л... намрын урь орж дээ.
Намрын сэвшээ салхи ханцуй сэвэлзүүлэхэд тэртээ алсад аавын нутаг бодогдоно.  Ай нутаг минь, амин аав минь.
  Омголон хулаа унаад эрдэм сурахаар алсыг зориход ээж минь эмээлийн дөрөөнд сүү өргөж, аав минь шагайн чинээ цэгээн чулуу гарт атгуулан “Нутгийн чулуу сэтгэлийг чинь хөглөнө өө. Миний хүү хадгалж яваарай! ” хэмээн үнссэн нь сэтгэлд зурсхийнэ.
Аавын өгсөн ширхэгхэн чулуу нутгаа санасан хүүгийн сэтгэлийг улам дэвэргэнэ. Нутгийн чулуу...
Он цаг
Зүс бүгэг андууд зүрхэнд шивнэнэ.
Зүс гоо охид нүдний хор хураана.
Зүс саарал амьдрал зүгээр л урсана.
Зүс сольж зуун жил давтагдана. Он цаг...
Чингисийн мод
Олон зууныг дамнан морин төвөргөөнөөр хуурын аялгуунд хөглөгдөн ургасан Чингисийн Монгол хэмээх нэгэн мод буурал түүхийн гэрч болон ургажээ. Энэ модны навчис нь өнөө зуунд архиар услагдаж, тамхиар тортогдсоор л... Навчис нь хийсэхдээ чийртэйгээр үглэн алсыг зорино. Хат суугаагүй нь газартаа үлдэн навчсаар даруулан амь тасарна.
Хаа нэгтээгээс сэрсэн салхи “Урьд нь нов ногоон сүрлэг мод байсан даа чи. Хөөрхий хөөрхий” хэмээн шивнэн зөрнө. Хурцлах мэт...
Энэ модны оройд нэгэн бүргэд үүрээ засан цомцойжээ. Мөчир мөчрөөр нь далан хэдэн янзын идэмхий хэрээ гуаглан амар заяаг эс үзүүлнэ. Тэд юу байсан ч үмхэнэ. Цадна гэж үгүй.
Тун удахгүй шинэ навчис төлжиж хэрээ суух зайгүй  саглагар мод болон ургана аа, сэргэнэ ээ, өндийнө өө, сүрлэг мод болно оо Монгол мод минь, Чингисийн мод минь.
Гэгээрэхүй
Хүн бүхэн өөрийн гэсэн ертөнцтэй. Энэ л ертөнцөд үнэн худал нуугдана. Зарим хүмүүний сэтгэлийн чанадад  ямар нэгэн там нуугдаж байх нь буй. Энэ тамын гал дүрэлзвэл сайн сайхан бүхэн шатан үгүйрч зөвхөн үнс нурам л үлдэнэ. Эл галыг сэтгэлийн гэгээрлээр дарна. Сэтгэлийн гэгээрэл бий болгох нь ухаан бодлын ариусал мөн.
Урам хайрла
Хүн хэмээгч чадалтай агаад өчүүхэн, ухаантай агаад мунхаг амьтан. Хүн та урмын үг л хайрла. Урам гэгч хүмүүний сэтгэлийг хөглөгч эгшиг аялгуу, үйлс бүтээл, авьяас билгийн ундарга.  Урмын үгээр дэмжиж буй нь хайрын илрэл. Өнгө алаг хорвоод хүн хэмээгдсэний учир урмаар дутах учиргүй.
Та хэн нэгний урам зоригийг бадраахад, нэгэн өдөр хариуд нь сэтгэл зүрхний баясал ирнэ.   
Эргэцүүлбээс...
Хөөрөн баяссан хэсэг шимэгч уралдан гүйсээр таны оюуны хаалгаар нэвтрэн орлоо. Тэдний араас олон олон найзууд нь дагасаар л... Шимэгчид  яван явсаар сэтгэлийн чанадад хүрэх тэрхүү агшинд та өөрийгөө жолоодож, мэдэрч чадах болов уу? Та хэдийгээр хүсэхгүй ч тэд ухаанаар тань хооллож, оюунд тань тухалсан байх вий!
 Нээлттэй хаалгаар гүйн орсон тэдэнд орох үүдийг онгойлгож өгсөн таны буруу байж болох талтай. Хүн та ухааран эргэцүүл дээ.
Нэг л тэнгэрийн доор нэг л нарны илчинд, нэг л дэлхийн хөрсөн дээр амьдарч байгаа атал зарим нь мандаж буй наран адил, зарим нь гандаж буй цэцэг мэт байдгийн учир тайлагдаж юун магад. 
Мөн чанар
Цагаан цаасан дээр цэг хатгасан мэт цасан дээр хон хэрээ сууна. Цагаан болох гэсэндээ бус хар гэдгээ тодруулахын тулд ажээ.
Хүүгийн сэтгэл
Жамын буурал салхи зүрхнээ сэвэлзэхэд сэтгэл эмхэрч,  жаргаж явсан тохиол хэзээ буй гэсэн бодол бэлчинэ. Яг энэ л мөчид  төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн аав ээж сэтгэлд тодорно.
Миний нутаг бүсгүй хүний ялдамхан үнэр шиг, бүлээн салхины сэвшээ шиг татах хүчтэй.
 Тийм ээ! Миний нутгийн алтан шаргал элс, газрын амин судас мөнхийн ундаргат худаг, эхийн элбэрэлтэй говийн хэвлий, салхины аясаар толгой дохих борог өвс, эгэлхэн хэрнээ сэтгэлд өег борог амьдрал, саалийн үнэртэй ээжийн чисчүү тэрлэг, эмээгийн минь хийцтэй цай... надад жаргал гэдгийг эдлүүлж дээ.
 Нутгаа саначихлаа. Цагийн шуурганд юм бүхэн өөрчлөгдсөн хорвоод нутагт минь хэв хэвээрээ байгаа даа. Нутгаа  л зорьё доо.
Мөрөөдөл
Мөрөөдөл мөнхийн хөдөлгөгч хүч,амьдралын жигүүр.
Мөрөөдлөөр жигүүрлэсэн хүн өд сөд нь гүйцсэн шувуудын адил тэнгэрт хөөрч ертөнцийн нууцийг тайлж, мөрөө үлдээнэ.
Хүн хэдий чинээ ихээр мөрөөднөм төдий чинээгээр жигүүрлэн цагаан шонхор мэт хязгааргүйн уудамд дураар сэлгүйцэж дэлхий ертөнцийн түмэн учгийг ухаарч оюуны цэнгэлийг эдэлнэ.
Амьдралын жигүүр, мөнхийн хөдөлгөгч хүч нь мөрөөдөл бус уу?
Үнэр
Зуны аагим халуунаар говийн бүрдэд ялаархан зогсох азарга азаргаар адуунаас шорвог үнэр ханхийх нь сэтгэл эзэмдэнэ.
Эргэн тойронд нь хэнзхэн ногооны униар, анхилам цэцэгсийн үнэр орчноо согтоом авч бөөн адууны үнэрт замхарна.
 Монгол эр хүмүүний сэтгэлд агтны үнэр нь хүртэл бусдаас нэн тааламжтай ажээ.
Хураангуй
Дэлхий эргэнэ.  Наран мандана. Улирал ээлжилнэ. Хур бууна. Өвс ургана.  Ан гөрөө өснө. Шувууд ниснэ. Байгаль сэргэнэ. Мал төллөнө. Унага босоо төрнө.  Өвгөд хуучилна. Эр өснө. Айраг иснэ. Охид дуулна. Хайр ирнэ. Хорвоо уярна. Гал бадамлана...
Нутгийн бараа
Зэрэглээтэн үзэгдэх Зүүнговь. Зэллэн жирэлзэх Зэлийн гол. Гаансаа хөхөн суугаа өвгөдийн дүртэй хөх Уул. Сүүн цагаан Гурван нуур. Гуравлан мяралзах Гурамсаны гол. Аргадуулан тахисан Шар нурган. Хүрэнтэн  долгиолох Бөөрөг дэлийн элс. Сунайн тэвхийх Овоотын шил. Борог өвс нь халиурсан баян Бөөрөг. Хурсан олныг умдаалагч Гучин гурван нуур. Баядын нутаг Бадаан булаг. Бараантан харагдах Бураа гол. Хун цэнгэлдэх Хустын гол. Булан тохойрох Тохой гол. Ховорхон тогтоцтой Хойд гол. Холын тэртээгээс бараатай Миний нутаг аа. 
Сэтгэл гэж...
Сэтгэл гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй агаар адил хоосон чанартай. Сэтгэл дотор наран ургаж, бороо шивэрч, навч хагдарч, цас боронгордог. Хааяа хааяахан түймэр дүрэлзэж сэтгэл дотор нэг л биш. Дурласных.
Хайртай хүнээсээ хагацахад өдөр шөнөгүй аадар цутгадаг. Аадар сэтгэлд багтахаа болихоороо нулимс болон дусалдаг. 
Эсрэгцэхүй
Амьд байгалийг тэтгэгч эрдэнэ бол яах аргагүй гал бас ус юм.
Дэлхий ертөнц болоод амьдралыг уснаас, галаас үүссэн гэх нь ч бий. Мөн хүн төрөлхтний анхны аугаа их нээлт бол галыг олж хэрэглэсэн явдал юм. Ус бол хүний амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ гэдэгт маргах хүн үгүй.
Гэвч хэмжээнээсээ хэтэрвэл ус үер болж, гал дүрэлзвэл түймэр болон ертөнцийг мөхөлд хүргэдэг ажээ.
Хүслэн
Хүмүүс хувь тавилангаараа бусдаас ялгарч од болохыг хүснэ. Од болсон нь чамлахааргүй их. Харин би огторгуйд одон олон тул сар эсвэл нар болохыг хүснэ.
Анир
Амьдрал гэдэг хөлгүй их далай. Амьдрал сайн сайхан үедээ далай мэт дөлгөөн ажээ.   
Манан хөшиж, салхи салхилж давалгаа ширүүсвэл хэнийг ч төөрүүлнэ. Зүг чигээ алдсан хүнд цахлайн ганганаа хүртэл анир өгнө. Алсын анир авахад амьдралын манан замхарч, салхи намуусна.
Анир авч үл чадваас...
Модод минь өршөө
Намрын модод хул шаргалтан, алсаас гэрэлтэх уудам ертөнцийг хүсэмжлэх авч газар дэлхийн хэвлээс үл тусгаарлагдах тул дэмий л нулимсаа хоёр нэгээр унагана. Модод юунд  гунин навчхан нулимсаа газарт хур болгон буулгадаг билээ?...
 Шимт хөрснөө үндэс юүгээн шингээн тэнгэрт хүрэх гэсэн мөрөөдөл чинь талаар одсонд уу? Аль эсвэл хэзээ ч чамайг хуурахгүй, насан үүрд энэ газраа чимэн амьдарна гэсэн амлалтандаа хүрээгүйдээ юү?
 Тиймээ. Тэр их хайрыг үл тоон хүмүүн бид хайртаас нь хагацаасанд уй гашууд автдаг биз дээ.
Хэдхээн жилийн өмнө хөгжилдөн инээж, анхилам үнэр, гайхамшигт үзэсгэлэнгээрээ биднийг угтан сэтгэлийг минь яруусгадаг байсан даа. Одоо үзэн ядаж уйлан гомдолдог болсон биз дээ.
 Уучлаарай модод минь! Эмзэг ариухан таныг хожуул болгон мухарлаж хөрөөдсөн хүмүүсийн өмнөөс зэмлэл хүлээе. Модод минь намайгаа өршөө... өршөө.
  Хүн танаа
 Хорин нэгдүгээр зуун цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж явах учиртай эрин зуун. Нэг алхмаар хоцорвол ангал тосч авна. Нэг алхмаар түрүүлвэл диваажин хүрэх гарц нээгдэнэ. Хойш урагш алхах нь зөвхөн чиний гарт ажээ.
Алхаа гишгээгээ тохируулахын тулд боловсролтой нөхөрлөх хэрэгтэй. Боловсрол чамтай үерхье гэж гуйхгүй. Харин чи түүний араас чармайн хөөж гүйцэх нь түнэр харанхуйг гэрэлтүүлж буй хувь тохиол.
Хүн танд ухаар гэж уураг тархи, урагшил гэж хөл, хий бүтээ гэж гар заяасан буй яа.  
Амьдралын амт
Салхигүй, бороогүй, давалгаагүй амьдралыг би хүсдэг байж дээ. Хүсэл минь хөвөрсөөр амьдралыг жолоодож хэдэн оныг үдсэн. Энэ хугацаанд юм бүхэн  эл хуль оргиод, нэгэн хэвийн дүр төрх үргэлжилсээр амьдрал нэг л амтгүй.
Одоо би бүүр ч шуургатай, аадартай, цохиотой амьдралыг хүснэ. Амьдрал гашуун байх тусмаа урамтай, бас амттай. 
“Гүн цэнхэр алс” бичил эхийн түүвэр
Зүүнхангай ахлах сургуулийн багш Ц.Баасандож
Тэнгэрийн хүлэг
           Оюун ухаанаас хэтийдсэн зүйл орчлонд олон байдгийг ойлгосондоо тэнгэрийн хүлгийг хөлөглөж, “тэнд” очиж болохыг ухаарнам.  Тэнгэрийн хүлэг хаана байдгийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн хүлгийг барьж, хөлөглөж болохыг хэдхэн хүн мэднэ.
           Гэхдээ тэнгэрийн хүлэг хүн бүхэнд бий. Тэнгэрийн хүлгээ гагцхүү барьж унах нь хэцүү юм даа. Барьж унасан цагт тэнгэрийн хүлэг, тэнэгийн хүлэг ч болж чадна.
           Тэнгэрийн хүлгээ барьж эмээллэж, тэнгэрийн нууцад нэвтэрсэн мэргэдүүдийг биширнэм, тэнэг болохоороо атаархнам. Оюун ухаанаас хэтийдсэн зүйл орчлонд олон байдгийг ойлгохын тулд тэнгэрийн хүлгээ барьж, тэнгэрийн хүлгээ сойж, тэнгэрийн  нууцад нэвтэр.
Тэнд шал өөр ертөнц мэдрэгдэнэ.
Хамгийн сайхан үнэр
            Цэцэгсийн үнэртэй салхи нь цээжин дотор сэвэлзээд л цэнхэр хөхий минь надад хосгүй сайхан үнэртэй. Хөхийн үнэрээс хүртчихээд хөлчүүхэн явдаг даа, хангайн үнэрт согтчхоод халамцуухан явдаг даа. Хөхий хангайн үнэр гэж ямархан тансаг үнэр байдгийг хаанахын хэний хэн ч мэдэхгүй.
            Ар хөвчийн нутгаас минь адуу, айраг, хур үнэртэнэ. Азай буурал ааваас минь итгэл, ухаарал үнэртэнэ.  Намрын говиос нар, хөмүүл, таана үнэртэнэ. Намхан буурал ээжийн  минь өврөөс нь сүү, сэтгэлээс нь хайр үнэртэнэ.
            Тийм ээ, үнэр гэдэг их сонин, их олон янз. Магадгүй хорвоод хосгүй ханиа би, хосгүй үнэрээр нь олсон.
            Үнэр үнэрийн дундаас нутгийн минь үнэр, аав, ээжийн минь үнэр, ханийн минь үнэрийг бүгдийг нь цогцлоосон үрийн минь үнэр хамгийн эрхэм сайхан.

Сэтгэл ховордсон цаг
            Цэнхэр гариг долоон тэр бум дахь хүнээ өлгийдөж авлаа гээд л сайхан мэдээ сонсогдож байлаа. Мэдээж гайхамшигтай хэрэг. Яагаад гэхээр зүүний үзүүр дээр атга будааг цацан цацахад түүн дээр тогтох нь ховор мэтчилэн хорвоо дээр хүмүүний биеийг олж төрөх ихэд ховор төрөл гэдэг. Хүмүүн бид бие, сэтгэл хоёроос бүтдэг. Ийнхүү сайн заяат хүмүүн бие, сэтгэл хоёртоо шүтээд сэтгэлээ улам боловсруулж, нэгэн насандаа ариусан агуу их гэгээрэлд хүрэх боломжтой гэдэг.
            Гэтэл сайн заяат гэгдэх хүн төрөлхтөн улам олон болох тутам муу муухай зүйл илүү их сонсогдох болж, сэтгэл гэдэг улам ховордоод байгаа мэт. Техник, технологи хөгжөөд хүнийг бүү хэл, оюун ухааныг бүтээж байна гэж би ойлгож байна.
            Харин сэтгэл зүрхийг хэн, хэзээ ч бүтээж үл чадна. Ховордсон барааг дэлхийн хаа нэгтэйгээс олж, эсвэл дахин үйлдвэрлэж болно. Ховордсон сэтгэлийг хаанаас ч олохгүй. Агуу их сэтгэл зүрх чамайг юугаар ч үнэлж болшгүй. Сэтгэл гэдэг зургаахан үсгээс бүтсэн энэ агуу зүйл үнэд хүрэх цаг болсон.

Нүд
            Нүд... нүд.... нүд..., Нүд минь чи, намайг ертөнцийн харанхуйгаас аварч, наран, сарны хүрээлэлд хөтлөн замчилна. Миний замч, хөтөч минь билээ. Би нүдгүй байсан бол хүний жаргалын өлгий болсон хорвоо ертөнц, хайртай дотны хүмүүсээ яаж харах байсан юм бэ?      
            Ийнхүү нүднийхээ гайхамшигт итгэн, төгс төгөлдөрт бишрэн эргэцүүлэн байтал  этгээд бодлууд төрөв.
-       Харанхуйд яагаад харагддагүй юм бэ?
-       Жигүүртний далавчны дэвэлт, сэнсний эргэлтийг би яагаад харж чадахгүй байна?
-       Бичил биетнийг, тод гэрлийг яагаад бид харж чадахгүй байна?
-       Зарим мэргэдүүд юуны тулд, яах гэж мэлмийгээ сохолж байв гэсэн бодлууд намайг нүдний гайхамшигт эргэлзүүлэхэд хүргэв. Гэвч бодон бодсоны эцэст нүднээс ийм ихийг шаардсан нь миний сониуч зан, шунал мэт. Мэлмий хэдий гайхамшигтай ч...

Ийм л намрын тэнгэр дор...
            Ийм л намрын тэнгэр дор дэлхий эргэж, амьдрал үргэлжилсээр... Цаг хугацааны далавч дэвсээр... Шувууд хаа нэгтэйрүү зэллэн нисээд, салхи хаа нэгтэйгээс сэв сэв үлээгээд, өвс үл мэдэг шаргалтаад, амьдрал нэг л уужуу тайван. Хүмүүс завтай, “завгүй ч” байж мэднэ. Үүлс, уул талтай нөхөрлөөд, аав минь айлын найранд яваад, халамцуухан ирээд, ээж минь ширдгээ ширж, тогоо нэрээд, нар ээгээд л намар нэг л тайван.
            Нэг л өглөө хяруу уначихсан, тэнгэр арчсан толь шиг цэлийгээд, орой одод яг л тоогоороо түгсэн юмуу гэмээр гялалзаад, сэтгэл гэгэлзээд... Би түүнийг мөч бүхэнд мөрөөдөөд..,
            Ус захаараа зайрмагтаад, уулсын орой бууралтаад, агаар сэрүүн болжээ. Эжий минь тугалын зэлэн дээр жиндэж л байгаа байх даа. Өвөл болох аяс орж, гадаа хүйтэн, ганцхан миний сэтгэлд намраараа. Энэ намрыг би мартаж чадахгүй. Ийм л намар мөнх тэнгэрийн дор мөнх үргэлжлээсэй.
            Ийм л намрын тэнгэр дор ховдын цэцэрлэгт дөрвөн намрыг үдэж, хөхийн зүг дөрвөн намар ширтэж, дөрвөн оныг өнгөрүүлсэн дээ. Ийм л намрын тэнгэр дор сарны гэгээнд сайхнаас сайхан чамтайгаа учирч “Найз нь чамайгаа намар бүхэнд хайрлана” гэдгээ сэтгэл зүрхний угаас амласан.
            Хорвоод ийм л тэнгэрийн дор намар шаргалтаж, ийм л намрын дээр тэнгэр цэнхэртэж, ийм л намартай тэнгэр дор амьдрал үүрд сайхан байгаасай.


Уулсын тухай эргэцүүлэхүй
            Уулс аниргүй. Нам гүм чимээгүй атал намайг яагаад гэгэлзүүлнэм бэ? Би уулсын орны хүү болохоор ч тэр үү, уул надад нэг л дотно, өөриймсөг санагдана. Ургаж тогтсон ч юмуу, яасан юм бүү мэд, урт урт, өндөр өндөр бас намхан намхан, дахин давтагдашгүй өөр өөр уулс юуг өгүүлнэм бэ? Уул миний сэтгэлийн бараа, дотны анд минь гэлтэй. Хэрвээ харах зүгт минь уул байгаагүй бол би их ганцаардах байсан. Уйтгарлах байсан.
            Уулс намайг догдлуулж, өндөр өндөр оргил шигээ өндөр хүсэл тэмүүллийг надад бэлэглэнэ. Уулсыг би шүтэн амьдарна. Уулс миний амьдралыг тэтгэнэ. Өндөр өндөр уулстай Хөхий нутагт өвгөдийн минь сүнс оршино. Уулсыг би магтах л гэж төрсөн өчүүхэн хүн. Газар дэлхий дээр гай гамшиг болж, хүн амьтан зовж, шаналж, баярлаж гунихад гагцхүү уул чимээгүй нам гүм, сүндэрлэдгээрээ сүндэрлэж, хөвөрдгөөрөө хөвөрнө. Уулс надад үлгэр жишээ, намба төрхийг илтгэж, тайван хүлээцтэй ухааныг илгээсэн.
Уулс бүхэн надад сайхан. Уулс уулсын дундаас унасан нутгийн минь уулс улам үзэсгэлэнтэй..., яруу найраг шиг санагдана. Үзэсгэлэнт уулсыг минь саарал манан орооход гуниг төрж, ширүүн бороо шавшихад би даарах шиг болж, цагаан цас хучиж, жавар хайрахад би өмнөөс нь жихүүцдэг. Гэвч уулс улам өнгө орон жавхааждагийг ухаараад сэтгэл догдолно.

Гүн цэнхэр алс
Холын уулс
Хонгор чиний нутаг
Хожмын болоод өнөөдрийн нууцууд
Хорвоо өөрөө гүн цэнхэр ээ
Тэнгэр болоод нуур
Тэртээх он жилүүд
Тэр бүсгүйн нүд
Гүн цэнхэр ээ
Оюун санаанд минь
Ойлгогдошгүй болоод давтагдашгүй
Гүн цэнхэр алс оршино.
Гүн цэнхэр алсад
“Гүн цэнхэр алс” оршино
Гүн цэнхэр алсаас
Гүн цэнхэр алсыг дуулна.
Миний шүлгүүд
Миний шүлгүүд, миний сэтгэл юм
                        ... миний сэрэл юм
Миний шүлгүүд, миний хүсэл юм
                        ... миний хүүхэд юм
Миний шүлгүүд, миний бодол юм
                         ...миний чадал юм
Миний шүлгүүд, миний хайр юм
                         ...миний хагацал юм
Миний шүлгүүд, миний солиорол юм
                         ...миний ухаарал юм
Миний шүлгүүд, миний амьдрал юм
                          ...миний үхэл юм
Миний шүлгүүд, юутай ч зүйрлэшгүй юм
Миний шүлгүүд, юу ч биш юм ...   2011 он
***                    ***                    ***
Хиймэл ертөнц
Дэлхий ертөнцийг би огт ойлгохоо больчхоод
Дэндүү хиймэл болчихсныг нь мэдрээд
Дэмий л амьдарч буй мэт санагдаад ...
Дэргэд минь хиймэл зан,
Байшин барилга, хууль дүрэм тун их байна.
Хүн яаж инээхийг хүртэл
Хэн нэгэн зааж өгөөд л
Бие засахад хүртэл бараг дүрэмтэй болчхож
Би тэгээд хэн болж таарна вэ?
Арай л дэндүү зохиомол болчхоод
Амьдрал минь чи хааш одно вэ?
Үхэхэд хүртэл дүрэмтэй болох л
Үлдсэн байна .... 2010 он.

***                    ***                    ***
Алс аглаг
Хөхийн оройд ялимгүй цастай ч
Хүйтэн биш дулаан байна.
Хөдөө нутаг гэдэг тэнгэрийн зайд оршиж
Хүний орчлонгийн тухай бодоход яруухан байна.
Гудмаар зөрсөн хүмүүс мэндтэй инээмсэглэнэ
Гунигтай алхах цаг олдохгүй.
Замд уулзсан хүмүүс их л задгай санагдана
Заримдаа бас санаа зовмоор ...
Найрсагхан, найзтайхан хөдөө минь
Намайг хүн болгосон алс аглаг минь
Шал өөр ертөнц энд гэрэлтэж
Шаналал гуниглал энд үл анзаарагдана.
Хөдөө нутаг минь алс бөглүү оршлоо ч
Хүн чанар энд арай илүү ханхална. 2009 он.
***                    ***                    ***
Гэрэлт гуниг минь шингэсэн
Гурван мөр шүлгүүд.
***                    ***                    ***
Өлмий дороос минь
Өвс ногоо ургах нь мэдрэгдэнэ
Өнгөт хавар уу даа.
***                    ***                    ***
Хаврын дунд сар
Дулаахан шөнө
Хайртыгаа санаад даарч хонолоо.
***                    ***                    ***
Тогорууд буцахдаа
Толгой дээгүүр үл мэдэгхэн
Тоос татуулаад өнгөрлөө.
***                    ***                    ***
Чулуу зайчлан
Өвс ногоо ургах нь
Чухамдаа, амьдрал тэмцэл.
***                    ***                    ***
Яргайтын шил дээр
Ганц зулзага, яагаад ч юм надад
Явж буй мэт санагдлаа.
***                    ***                    ***
 Дотроосоо гэрэлтсэн хүнийг
Тоохоо больсон
Тоост хорвоо.
***                    ***                    ***
Навчис, нас эцэслэж
Намар дуусахад
Найрагчийн гуниг нимгэрнэ.
***                    ***                    ***
 

0 comments:

Post a Comment